Утсан дээрээ тавьсан сэрүүлэгний дуу чангаар жингэнэн дуугарахад Заяа хөнжилдөө улам л шурган босмооргүй санагдаж байсан ч босохоос өөр аргагүй. Өнөөдөр түүний хувьд чухал өдөр. Чухал гэсний учир нь Заяа өнөөдөр Америк улсад зорчих визэнд орох гэж байгаа юм. Өчигдөр шөнөжингөө догдлоод унтаж чадахгүй хөрвөөж хөрвөөж бараг үүрээр унтсаныг хэлэх үү 2 зовхи нь өөрийн мэдэлгүй анилдана. Хөнжилөө толгой дээгүүрээ нөмрөн нэг их тухлан хэвтсэнээ эргэн тийчээд бушуухан босож нойроо сэргээхээр шүршүүрт орох зуураа “өнөөдөр чухал өдөр, өнөөдөр чухал өдөр гэж өөртөө шивнэж байв.
Гадаа нэг л бүүдгэр нам гүм оргин байлаа. Хирэндээ л ажил хэрэгч хувцаслан капронон ороолт зүүн гарснаас ч тэр үү жиндүүхэн байгааг сая мэдэрч такси барин явав. Замдаа гэрийнхэн, найз нөхдийн зөвлөсөн төрөл бүрийн зөвлөгөөг бодон юу гэж асуух бол, сургуулийн урилга найдвартай юм чинь гайгүй байгаа хэмээн элдвийг бодсоор нэг л мэдэхэд элчингийн гадаа бууж байлаа.
Өөрснийгөө бараг л Америкийн иргэн хэмээн итгэсэн мэт ширүүн харцтай Америк цагдаагийн хувцастай 2 залууг хараад –юу билээ энэ чинь, хаана ирчихвээ гэж өөрөөсөө асуух мэт бодоод тэрүүхэндээ дооглонгуй мушилзан зогссоор ээлж нь ирэхэд дотогшоо оров.
Харгалзагч хуяг мэт цагдаа нар байнга л даган тийшээ яв, ингэ тэг гэж заах нь бас л дургүйцлийг нь төрүүлээд авав. Арайхийж нэг хүлээлгийн өрөөнд ороод хувцасаа нимгэлэн тухлан суув. Цаад талын тасалгаа мэт тусгаарласан өрөөнөөс ярилцлагад орж байгаа хүмүүсийн яриа хажууд мэт сонсогдоно.
Өчигдрөөс хойш догдлоод байсан сэтгэл нь нэг л тайван, дүнсгэр болжээ. Сургуулиа төгсөөд 2 жил нэгэн төсөл дээр орчуулагч хийж байгаад төслийн хугацаа дуусан ажилгүй болж 6-н сар гаран гэртээ амралтын байдалтай байсан түүнийг эгч нь ятгасаар Америкт сургуульд явуулах болжээ.
За над шиг ганц бие хүн, нас залуу дээрээ юм үзэж нүд тайлан мэдлэг боловсорлоо дээшлүүлье гэж бодон шийдсэн нь энэ.
-Энэ материалаа аятайхан салгаж цэгцэлчээд аваад ир, цаашаа цаашаа, - Алив дараагынх нь , -Та чинь ямар сонин хүн бэ. Хурууныхаа өндгийг мэдэх үү, зааврын дагуу чангахан дараатхаач гэж ээж шигээ настай хүнийг зандран загнах Монгол бүсгүйн чанга дуу бодлыг нь тасалчихав. “Гүй ээ, адилхан л Монгол хүн биз дээ. Элчинд ажилладаг гээд томорч байгаан байх даа, манайхан нээрээ сонин хүмүүс шүү” гэж бухимдангүй бодонгоо Заяа цонхоор ширтэн зогслоо.
Юуг ч анзаарахгүй сонсохгүйг хичээн цонхор ширтэн зогстол ид шидийн юм шиг том том ширхэгтэй цас нэг нэгээрээ тэнгэрээс хаялж эхэллээ. Хормхон зуур цасны ширхэгүүд олширсоор нэвсийсэн цагаан цас бударлаа.
Цас, ямар гоё цас вэ, анхны цас яасан эрт орж байнаа гэж бодохын сацуу хүүхэд байхад анхны цасанд хүслээ шивнэхэд заавал биелдэг гэж хэнээс ч юм сонссондоо үргэлж итгэн жил бүрийн цаснаар хамгийн нандин хүслээ боддог байж билээ. Харин хамгийн сүүлд санаж байгаагаар анхны цас ороход –Хайртай хүнтэй минь учруулж өгөөч гэж нууцхан шивнэж байснаа бодон инээмсэглэхэд 2 хацарт нь бяцхан хонхорхой тодров.
Гэнэт тархинд нь нэгэн бодол зурсхийн орж ирэв. Нөгөө хэн, хэн билээ… Аан нөгөө Уянгагаас миний утасны дугаарыг авсан гээд байнга яриад байдаг байсан намуухан дуутай тэр залуу чинь хэн билээ. Өө тийн, Анар. Түүнтэй болзсон болзоогоо санав.- Яанаа, өнөөдөр байна ш дээ, бүүр яг одоо шүү.
“-Би чамайг хараа ч үгүй байж хэн гэж мэдэж, юу ярихын бэ гэж дооглонгүй хэлэхэд нь –Заяа, тэгвэл 2-лаа уулзъя л даа. Гэхдээ анхны цас орохоор тэх үү, Яг анхны цас орж байх тэр мөчид уулзъя, яг хотын төв цэг дээр тэх үү гэж хүүхэд шиг аргадангуй хэлэхэд нь Заяа тас тас хөхөрч -За юун балай юм ярьдгийн, би тэгээд хэнийг нь ч мэдэхгүй байжийж тэгээл хар хүйтэн цасан шуурганаар тэнд хайгаад явж байх юм уу гэхэд Анар огт тоглосон шинжгүй –За тохирлоо шүү, яг цагтаа, хэлсэн газраа шүү за, уулзах тэр цаг хүртлээ би чам руу залгаж дахиж зовоохгүй ээ, За баяртай ” гээд утсаа тасалчихаж билээ.
Нээрээ л тэрнээс хойш өдөрт заавал нэг удаа залгаж хоол цайгаа идсэн үү, биеэ бодоорой гэж халамжлан өглөө бүр shine ogloonii nartai hamt chamaig eej bn, aja aja amjilt гэсэн мессеж явуулдаг байсан тэр залуу таг чиг болчихсон. Тэгэхэд л яршигтай мэт санагддаг байсан тэр залууг маш ихээр үгүйлж бүүр хүлээдэг болсоноо мэдэрч билээ.
Гомдцын болов уу, залгадгийн бил үү гэж заримдаа бодовч эмэгтэй хүний бардам зан нь хөдөлж –За яршиг зүгээр, аягүй бол намайг яахнав гэж тоглож байсын байгаа биз гэж бодоод мартахыг хичээсэн.
Өөрийнх нь багын хүслийг мэдсэн юм шиг яг анхны цаснаар уулзъя гэж хэлснийг нь бодохоор сэтгэл нь уярч ойр хавьд мэдрээгүй нэг тийм мөрөөдлийн ч юм шиг гэгээхэн мэдрэмж төрөн, цонхны цаана зөөлөн будрах тэр л цас өөрт нь аз жаргал авчрах мэт санагдахад “өнөөдөр чухал өдөр гэж өөртөө дахин шивнээд” өөрийн эрхгүй эргэн пальтогоо шүүрэн авах тэр агшинд Энхзаяа, Энхзаяа орно уу гэж нөгөө чанга дуутай хүүхэн зарлав.
Яг л 2 салаа замын уулзвар дээр зогсож байгаа мэт тэр хоромд Заяа нэг хэсэгтээ л яахаа мэдэхгүй гацаж орхив. –Тэр явчихна ш дээ. Одоо л очихгүй бол явчихна. Цас ороод зөндөө удчихлаа гэж хэн нэгэн шивнэх мэт болоход Заяа зориг шулуудан шилэн цонхон дээр очиж –Эгчээ би орохоо болилоо, дараагийн хүнээ дуудчих аа гэж хэлээд эргэхдээ гайхсан, эргэлзсэн, зэвүүцсэн харцнуудтай тулгарсан ч огт тоосонгүй баяртай инээмсэглээд явуут дундаа пальтогоо углаад яаран гүйв.
Түчигнэтэл гүйх Заяагийн араас айсан гайхсан түгшүүрт автсан хамгаалагч 2 залуу яахаа мэдэхгүй зэрэг ухасхийхэд улам ч хөгжилтэй санагдан гүйсээр үүдний хамгаалалтын цагдаа дээр очин –Надад яаралтай хэрэг гарчихлаа, утас түлхүүр, үнэмлэхээ авъя гээд хажууд нь ирэн амьсгаадан зогсоо 2 залуу руу нүд ирмэн шоолон инээгээд гадагшаа гүйн гарав.
Шинэхэн цасны чийглэг цэвэр агаар сэнхийж нэг л сайхан чөлөөтэй сэтгэл тэнэгэр болчих шиг Заяад санагдав. За Анар аа найз нь очлоо шүү гээд инээмсэглэснээ гэнэт дотроо “Би чинь одоо галзуу хүн шиг юу л болоод байна даа. Хараа ч үгүй, таних ч үгүй, ирэх ирэхгүй нь ч мэдэгэхгүй хүн рүү хамаг юмаа орхиод л гүйж байдаг, өнөөдөр чинь уг нь миний хувьд хувь заяагаа шийдэх чухал өдөр шүү дээ” гэж өөртөө хэлсэн ч өнөөх дэврүүн нандин мэдрэмж нь уг бодлыг дорхноо үлдэн хөөж юу ч болоогүй юм шиг газарт буунгуутаа хайлах цасан дээгүүр тов товхийн гишгэн алхаж одлоо.
Залуу хосууд хөтлөлцөн алхаж, жижигхэн жаалууд охидуудынхаа нүүрийг цасаар угаах гэж хөөцөлдөн гүйхийг харан инээмсэглэх зуур даарахаа ч мэдэхгүй алхсаар байлаа. Өдийг хүртэл хэзээ хаана ийм сэтгэл хангалуун,тайван, жаргалтай байснаа бодоод олохгүй байлаа. Заяа алхсаар л… Том том цасны ширхэг үсийг нь бүрхэж, зарим нь сормуус дээр нь тогтоход огт даарсан шинжгүй алхаж яваа түүний хацар нь туяарч гэрэл цацран байх шиг үзэсгэлэнтэй харагдаж байлаа.
-Хүүе, бүсгүй хаа хүрэх гэж байгаан, суучих, дөхүүлээд өгье гэж машиныхаа цонхоор нүүрэмгий нь аргагүй хашгирах залуугийн ядам хуруунд нь хуримын бөгж гялс хийхийг бүсгүй хүний гярхай нүдээр альхэдийн харсан Заяа инээд алдан –Залуу, намайг дөхүүлэхийн оронд эхнэрээ халамжилвал яасын гэж хэлээд донжтой нь аргагүй инээн тэгш шулуун хөлнийх нь булчинг яг барьсан гутлынхаа түрийг гялалзуулан товор товор алхлан одоход маасайтал инээн байсан залуу хэлэх үггүй болон амаа ангайсан чигээрээ таг болон үлдэв.
Настай эмээ зам гарч чадахгүй хальтарч унахаас эмээн таягаа тулан зогсоход Заяа: –Эмээ цуг гаръя гэж хэлээд өөриймсөг сугадан зам гарахад –Баярлалаа хүү минь гэж хэлсэн эмээгийн нүднээс чин сэтгэлийн талархлыг олж хараад улам л урам орон алхсаар…
-Хөөе холдоочээ гэж хашгиран шавар шалбааг үсчүүлэн давхих хөвгүүнийг инээмсэглэн үдээд –Хайртай охиноо хажуудаа суулгаад баярлаж, бахархаж яваан байлгүй дээ гэж сэтгэл тэнэгэр бодохдоо урьд нь бол муусайн онгироо юмнууд гэж үглэн уур цухал нь хүрдэг байснаа бодон өөрийгөө гайхав.
Блогийн нүүр » Цаснаар-1
2009-10-16 12:09:50


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: