Гэртээ ороход ээжийнх нь гарын хоолны сайхан үнэр сэнхийв. Ээж нь амралтаа аваад хэд хоног гэр зуураа байгаа бөгөөд 2 долоо хоногийн дараа аавтай нь цуг Германд байгаа найз руугаа очиж амрахаар зэхэж байгаа билээ.
-Ёоо, яг өлсөж үхлээ. Ээж ямар гоё хоол хийж байгаан гэхэд ээж нь янзгүйхэн эргэн харснаа гараа угаасан юм уу, тийшээ суу даа гээд өмнө нь Сэрүүлэг сонин тавив. –Ээж яагаад уурлаад байгаан, энэ юун сонин юм гэхэд ээж нь дэргэд нь хүрч ирээд сонинг дэлгэн хуруугаараа заав. Өөрийнхөө сургуулийн дүрэмт хувцастайгаа Хатнаатай цуг сууж байгаа зургийг хараад Солонгоо хөшиж орхив.
Яаран аваад уншвал “… хамтлагийн нэрд гарч яваа дуучин залуу Хатнаа саяхнаас дунд сургуулийн сурагч охинтой учир ургуулан энэ тэнд байнга цуг явах болсон нь олны хараанд өртөөд байна. Уг охин …-р сургуулийн 9-р ангид сурдаг бөгөөд саяхны амралтын өдөр Хатнаа тэр охиндоо бүүр сүйн бөгж хүртэл авч өгсөн нь фэн охидуудынх нь сэтгэлийг ихэд гонсойлгоод байна.Сураг сонсвол уг охин Хатнаагийн галзуу улаан фен байсан гэнэ. Өмнө нь өөрөөсөө эгчмэд загвар өмсөгчтэй нэр холбогдоод байсан залуу маань энэ удаад харин дүрэмт хувцаснаасаа ч салаагүй нялх амрагтай болжээ. Хатнаагийн шинэхэн амрагаар тодроод байгаа Солонгоо хэмээх охин 3,4-р хороололд ээж аав эгч ахын хамт амьдардаг бэл хөрөнгө муутай айлын охин юм байна… Одооны охид жаахан гэлтгүй өнгө мөнгө, алдар хүндтэй хүнийг хошууран дагаж, эрээ цээрээ алдан ямар ч аргаар хамаагүй өөрийн болгох гэж зүтгэдэг болжээ. Юутай ч энэ богинохон хугацаанд сүйн бөгж хүртэл гардаад авсан азтай, бас авъяастай ч охин юм.”
Солонгоогийн нүд нулимсаар дүүрч юу ч харж чадахгүй бүрэлзэн чих нь шуугиад цааш нь унших чадал хүрсэнгүй. Түүний зүрх сэтгэл дээгүүр хэн нэгэн шавар шавхайтай бохир хүнд гутлаараа зам татуулан туучаад явчих шиг санагдан өрөөндөө орж хаалгаа хаагаад орон дээрээ унаж дэрэндээ нүүрээ наагаад цурхиран уйлав.
-Яагаад, яагаад би хүнийг хайрлаж болдоггүй юм бэ? Од мод гэнэ үү, ялгаагүй л хүн шүү дээ гэж сэтгэлдээ хашгиран уйлж байхад өнөөх сонингийн мөрүүд нүднийх нь өмнүүр жирэлзэн харагдсаар байлаа.
Ээж нь араас нь орон ирж тайвшруулахыг хичээсэн боловч хэсэг уйлаад өөрөө тайвшрах биз хэмээн ганцааранг нь үлдээхээр шийдэв бололтой зөөлөн алхалсаар гараад явчихав.
Солонгоо хэсэг уйлаад ванны өрөөндөө орж дотроос нь түгжин бүлээхэн шүршүүрт зогсож байхдаа дэндүү их зүйл бодож байлаа. –Тийм дээ Хатнаа бол Японы урлагийн сургууль төгссөн бүхний танил авъяаслаг од залуу, тэгтэл би зүгээр л нэг дунд сургуулийн сурагч… Дэндүү тэнцвэргүй хайр зовлон авчирдаг гэж хаанаас ч билээ уншиж байсан нь санаанд нь оров…
Шүршүүрт хэр удаан зогссоноо ч мэдсэнгүй, нулимс нь урсан шүршүүрийн устай холилдох учир уйлж байгаагаа ч мэдэрсэнгүй. Уснаас гаран өрөөндөө ороод утасныхаа дэлгэц рүү харсан ч үгүй унтраагаад сүүлийн хэдэн сар хамгийн нандин зүйл нь байж бараг л өвөртлөн унтдаг байсан жижигхэн ягаан тэр утас л бүх зүйлд буруутай юм шиг ширээрүүгээ шидэж орхив.
Маргааш нь дуртай дургүй босож шүдээ угааж байх зууртаа толинд бүлцийсэн нүдтэй царай алдсан төрхөө хараад Хатнаагийн найз охин байж тэнцэхгүй шүү дээ гэж дахин гуниглан бодов. Хэнтэй ч юу ч ярилгүй гуниглан явахдаа гар утсаа асаасан ч үгүй гэртээ орхисноо сая л санав.
Ангид ороход дэндүү таагүй уур амьсгал Солонгоог угтлаа. Охидууд шивэр авир хийлдэн зарим нь ичгүүргүйгээр тас ширвэн, зарим нь бүүр улаан цайм дооглон инээлдэж байлаа. Түүний ард суудаг дандаа хүний дургүй хүргэсэн зүйл ярьж явдаг савсагануур шар банди –За манай үнсгэлжин, суудалдаа морил гэхэд ангийх нь пир хийтэл инээлдэж Солонгоод буцаад гараад гүйчихмээр санагдлаа.
Блогийн нүүр » Мөрөөдлийн хайр-11
2009-08-12 11:17:42


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: